Lol page
Сайтын цэс
Chat
Хуанли
«  January 2014  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Music
Main » 2014 » January » 10 » Шатрын түүх
11:23 PM
Шатрын түүх


“Оюуны спортын хаан шатар” хэмээх энэ гайхамшигт спорт чухам ханаа, хэзээ үүссэн тухай янз бүрийн домог, хэд хэдэн таамаглал байдаг ч нарийн тогтоосон нь үгүй билээ. Судлаачид түүхэн баримтыг үндэслэн V зууны сүүлч VI зууны эхээр Энэтхэгт үүссэн гэж үздэг. Шатар хэрхэн үүссэн тухай нэгэн домогт:

Энэтхэгийн хаан Раджа баян, насны эцэст ихэд уйдахдаа өөрийг нь зугаацуулж чадах зүйл олсон хүнд шан харамж үл хайрлах зарлиг буулгажээ. Олон хүн янз бүрийн зүйл үзүүлсэн боловч нэг нь түүнд таалагдсангүй. Харин нэг овжин эр шатар зохиож, түүнд барьжээ. Хаан түүгээр нь өнөөх эртэй гурван өдөр, гурван шөнө тоглоод дөрөв дэх өдрөө:

Чи намайг аз жаргалд умбуулж чадлаа. Надаас юу дуртайгаа хүс гэжээ. Нөгөөх эр:

Надад шатрын хөлгийн 1 дэх нүдэнд 1 будаа, 2 дахь нүдэнд 2 будаа, 3 дахь 4 будаа, 4 дэх нүдэнд 8 будаа, 5 дахь нүдэнд 16 будаа гэхчилэн ахиулсаар 64 нүдэнд хичнээн будаа орно, түүнийг авъя гэхэд хаан гайхаж:

Жирийн нэгэн будаа юм уу? гэв.

Тийм ээ, зүгээр л будаа гэж. Хаан уцаарлангүйгээр:

Миний ивээл, шанг чи басамжлав, эзэн хааныхаа хүндэтгэлийг зөв хүлээн авах байсан юм гээд албатуудаа дуудаж:

Хүссэн будааг өгөгтүн гэжээ.

Ордны тоочдын тооцоолсноор улсын санд байтугай, бүх дэлхийн газрыг тариалангийн талбай болгоод далай тэнгис, мөс цас, говь цөлийн уудам их зайд ч будаа тариад шагналын будааны хэмжээнд хүрэхээргүй байв. Хаан үүнийг сонсоод их л сандарч, тэр тоогоо хэлж аль гэхэд:

Хоёрын 64 зэрэг буюу 18’446’774’073’709’551’615 /Монгол хэлнээ буулгавал 18 их ингүүмэл 446 тунамал 774 их наяд 73 тэрбум 709 сая 501 мянга 615 гэсэн тоо юм/ Ийм их тоо гарч байна гэхэд хаан маш их балмагджээ.

Шатар гэдэг нь санскрит гаралтай үг бөгөөд “Үхлээс хэлтрүүлэгч” гэсэн утгатай. Энэ тухай домогт “Хаан түшмэдтэйгээ тоглож байхад түүний насан эцэслэх цаг болж эрлэг номун хаан элчээ илгээжээ. Гэтэл тэдний тоглоомыг харж суусаар үхэх хугацааг нь өнгөрүүлчихжээ” Тэр цагаас хойш шатар нүүж дуусаад, хоёр тоглогч бие биедээ урт наслахыг ерөөдөг болсон гэх буюу ер нь шатар тоглодог хүний насан хишиг уртасдаг гэсэн үзэл дорно дахианд бий болжээ.

Шатрын хөгжил нь чатурангаас шатрандж, шатранджаас одоогийн шатар хүртэл хувьсал дамжжээ. Энэтхэгээс Иран, Иранаас Дундад Ази, Дундад Азиас Арабын орнууд эцэст нь Европт түгжээ.

Шатрын өвөг эцэг Чатурангийг дөрвөн хүн тоглодог байв. Дайн байлдааны тэрэг, заан, морин тэрэг, явган цэрэг нь тэр үеийн Энэтхэгийн цэргийн жагсаал, бүрэлдэхүүнийг харуулдаг байсан байна.

Түүхийг сөхвөл шатар Иранд 7-р зууны үед өргөн дэлгэрчээ. Ираны хаант улсын эзэлсэн Арабууд дөрвөн хүн тоглодог байсан Чатурангийг хоёр хүн тоглодог Шатрандж болгов. Ноён, тэрэг, морины нүүдэл одоогийнхтой адил байсан ба бэрс диагоналиар нэг буудалд, тэмээ диагоналиар нэг буудал алгасан нүүдэг, хүү эхний байрлалаасаа зөвхөн нэг нүдээр нүүдэг, сэлгээ гэж байсангүй. Ийм шатраар удаан өрнөл тоглодог байсан нь ойлгомжтой. Тоглолтын эцсийн зорилго нь эсрэг тоглогчийнхоо ноёнг мадлах, жид хийвэл хожсонд тооцдог байв. Бэрс тэмээний хүч муу тул мад, жид хийх нь их ховор. Хэрэв тохиолдвол гайхашран тэмдэглэж авдаг байсан нь шатрын зохиомж хөгжихөд нөлөөлжээ. Жирийн тоглолтод айлын бод хүүнүүдийг устган ганц ноёныг үлдээхийн төлөө тэмцэлддэг байв.

9-10-р зуунд шатар Арабт хамгийн өндөр хөгжилдөө хүрэв. Шахматы гэдэг орос үгийн “шах” нь Ираны ноён, “мат” нь тэр үхлээ гэсэн Араб үг ба “Ноён үхлээ” гэсэн утгатай. Шатрын гол зэвсэг бэрс нь Арабын цэцэн мэргэн гэсэн үгнээс гаралтай.

Арабт хурдацтай хөгжиж байсан шатар Европт дэлгэрэнгүүтээ хурд нь саарчээ. 10-15-р зуун бол шатрын уналтын үе байлаа. Феодалын нийгэм католик сүмийн хэмжээгүй захиргааны үед аливаа урлаг хөгжихөд маш хүнд байв. Шатрын хөгжил улс орон бүрт соёл болоод нийгмийн мандал бадралтай холбоотой байсан байна. Гэхдээ хамгийн гол саад нь шатрын тоглох дүрэмд нь байлаа. Хурд хүчтэй тоглолтыг цаг үе шаардаж байв.

15-16-р зууны үед өрнөд Европт шатар сонгомол хэлбэрээ олж, шатрын хөгжлийн шинэ эрин эхэлсэн гэж үзэж болно. Шатрыг жирийн ард иргэд тоглож, нэг нүүдэг байсан хүү хоёр нүүж, гурав нүүдэг эрхтэй бэрс тал бүрт дураараа нүүн, тэмээ ташуу шугамандаа хязгааргүй нүүж, ноёны давалт буюу сэлгээ бий болсон. Ном хэвлэх технологи гарч ирснээр анхны номнууд хэвлэгдэн гарчээ. Энэ үед шатрын дүрэмд өөрчлөлт орж одоогийнх шиг нөхцөл 19-р зууны үед тогтсон юм.

18-р зууны үеийн тоглосон өргүүдийг харахад бод, хүү хаян эсрэг тоглогчийнхоо ноён руу комбинаци хийн довтолсон байдаг. Комбинацийн /уран сайхны хайгуул/ төлөө л тоглож буй нь өнөөгийн өнцгөөс харахад гэнэн мэт. Тэр үеийн шилдэг шатарчин нь Францын иргэн Франсуа Андре Даникан Филидор /1726-1795/ байв. Тэрээр шатар тоглох зарчим аргуудыг боловсруулсан онол гаргаж ирсэн бөгөөд 1749 онд “Шатар тоглолтын судалгаа” ном хэвлүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж хэд хэдэн удаа дахин хэвлэгдэж байв.

19-р зууны гуч, дөчөөд оны шилдэг шатарчид нь Лябардоннэ, Станутон нар байв. Дэлхийн анхны аварга Вильгельм Стейницээс эхлэн шатрын шинэ түүх эхэлсэн гэж үзэж болох юм. Энэ зууны сүүлчээс дэлхийн аваргаа шалгаруулж, нэрд гарсан шатарчдаа “Маэстро” хэмээн нэрлэж эхлэв. Шатрын гараа 20-р зууны эхээр улам боловсронгуй болж, 1924 онд “Олон улсын шатрын холбоо” байгуулагдан, 1950 оноос албан ёсоор шатрын ноён оргил болох “Олон улсын их мастер” цол олгож өдгөө дэлхийн 180-аад улсыг эгнээндээ нэгтгэсэн спортын томоохон төрлийн нэг болжээ.
Views: 2844 | Added by: Natsu | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Facebook
Бидний санал асуул
Та ихэвчлэн хаанаас тоглодог вэ?
Total of answers: 44
Статистик
Нийт хэрэглэгч 1
Зочин: 1
Гишүүд: 0
хайх
Copyright MyCorp © 2024